Tuesday, May 2, 2006

А.Мекей: Манай математикчид дэлхийд эхний гучид жагсдаг

Монгол Улсын гавьяат багш, академич Абишийн Мекейн нэрэмжит математикийн улсын 42 дугаар олимпиад Улаанбаатар хотноо зохиогдлоо. А.Мекей багшийн сэтгэгдлийг нь сонслоо.
-Монголын математикийн олимпиадын хорооноос энэхүү олимпиадыг миний нэрэмжит болгохоор шийдвэрлэжээ. Миний нэр дээр математикийн олимпиад саяхан Баян-Өлгий аймагт 1-10 ангийн сурагч, бага, дунд, ахлах ангийн багш нарын дунд бас зохион явагдсан юм билээ.

Үүнийг Баян-Өлгий аймгийн сурагчдын математикийн боловсролыг дээшлүүлэх, авьяасыг дэмжих нэгэн арга хэмжээ болсон гэж үзэж байгаа. Энэ удаагийн олимпиадад хот, хөдөөгийн 300 гаруй багш, сурагчид оролцлоо. Урд нь аймаг орон нутагт зохиогдсон уралдааны тэргүүн байрын эзэд буюу математикчид өрсөлдсөн. Олимпиадын ерөнхий дүн өнөөдөр гарч аваргууд тодорно.

-Олимпиадын тэргүүн байрын эздийг юу хүлээж байна вэ?
-Шалгарсан хүүхдүүдийг олон улсын олимпиадад оролцуулдаг уламжлал бий.
-Таны зохиосон бодлогууд олон улсын олимпиадуудад бодогдож байв уу?
-Би 1964 оноос математикийн олимпиадад гар бие оролцож ирлээ. Дараа нь 1983-1990 он хүртэл олимпиадыг зохион байгуулах хороонд даргаар ажиллаа. Энэ хугацаанд таван удаа олон улсын сонгон шалгаруулах комиссын гишүүнээр ажилласан. Зохиосон бодлогууд маань олон улсын олимпиадад бодогдож байсан.
-Өөрийн тань зохиосон математикийн олон сурах бичиг, гарын авлагыг ерөнхий боловсролын сургуулиуд ашигладаг. Шинэ ном гаргаж байгаа юу?
-Анх1984 онд наймдугаар ангийн сурах бичиг гаргасан. Түүнээс хойш 5-10 ангийн сурах бичгийг багш нартай хамтарч хэвлүүллээ. Мөн их дээд сургуульд элсэгчдэд зориулсан мянган бодлогын ном, багш сурагчдын гарын авлагыг арваад удаа хэвлүүлсэн. Сүүлийн жилүүдэд тестийн хэд хэдэн номоо гаргаад байна. Өнгөрсөн жилийн сурах бичгийн улсын уралдаанаар миний 6-7 ангийн сурагчдад зориулсан ном тэргүүн байрт шалгарсан. Өнөө жил редакторласан найм, аравдугаар ангийн номоо “юм” дуулгах байх гэж бодож сууна. Ерөнхийдөө дунд сургуулийн сурах бичиг, тест, элсэлтийн номууд миний гараар дамждаг аа.
-Таны номуудын давуу тал юу вэ. Математик сэтгэлгээгээрээ манайхан дэлхийд хаана явна
-Юуны өмнө ямар ч ном агуулга сайн байхаас гадна үг үсгийн хувьд оновчтой байх ёстой. Миний хувьд хэрэглээний тал дээр илүү анхаардаг. Өөрөөр хэлбэл, тухайн хүүхдэд математик суралцсан нь хэр ач холбогдолтой байдгийг ухааруулах. Зохиосон бодлого тус бүрт жендрийн асуудлыг тусгахыг оролддог. Тухайлбал, хөдөлгөөний, эсвэл физик, химийн агуулгатай бодлогыг эмэгтэй сурагчид тэр бүр сонирхож боддоггүй. Харин элсэгчдийн номыг ямар хэмжээнд бэлтгэгдэж байж мэргэжил эзэмших тэр түвшинд анхаардаг. Юуны түрүүнд манай математик боловсролын төвшин дэлхийн хэмжээнд дундаас дээш байр суурийг эзлэх бодлогыг баримталдаг. Тиймээс энгийн бөгөөд оновчтой, бас сонирхолтой түвшинд байхыг голчилдог. Өдгөө дэлхийн 90 орчим орон математикийн олимпиадад оролцдог. Манай математикчид эхний гучид жагсдаг. Энэ нь хоёрхон сая хүнээс шалгарч оролцдог манай математикчдын хувьд өндөр үзүүлэлт.
Дашрамд дурдахад, сүүлийн жилүүдэд математикийн шинжлэх ухааныг Монгол Улсад хөгжүүлж ирсэн үе үеийн ахмад багш, эрдэмтдийн нэрэмжит төрөл бүрийн олимпиад зохиогдох болсон. Хамгийн анхных нь Ардын багш Шагдарын нэрэмжит байсан нь Сэлэнгэ аймагт зохиогдож байсан удаатай юм. Мөн нэрт математикч Өвгөн багшийнх Увс аймагт, Дашдоржийнх Өвөрхангайд гээд уралдааныг тэдний төрсөн нутагт зохион явуулж иржээ. Харин өнөө жил гавьяат багш, академич Абишийн Мекейн нэрэмжит математикийн улсын 42 дугаар олимпиад Улаанбаатар хотноо зохиогдлоо. Олимпиадыг түүний төрсөн нутаг Баян-Өлгий аймагт зохион явуулах байсан ч алс хязгаар нутагт олимпиадад оролцогчдыг нэг дор хүргэх унааны боломжгүйгээс нийслэлд зохиожээ. Олимпиадыг Баян-Өлгий аймгийн удирдлагууд Монголын математикийн олимпиадын хороотой хамтран зохион байгууллаа. Урьдчилсан мэдээллээр олимпиадын ахлах ангийн тэргүүн байрын шагналыг “Олонлог” дунд сургуулийн аравын “Б” ангийн сурагч Б.Сумьяа, есдүгээр ангиас 8-б ангийн сурагч О.Өлзийбаяр, Э.Энхзаяа нар анги өгсөн орж алт, хүрэл медаль зүүжээ. Түүнчлэн тус сургуулийн багш П.Чимэг бага ангийн багшийн ангилалд мөнгөн медалиар шагнуулаад буй гэнэ. “Олонлог”-ийн тоочид нийслэлийн аварга математикч болсон бөгөөд улсын аваргад Улаанбаатарын багш оролцсон аж.

2006.05.2 Өдрийн сонин Чапаевын Анна

No comments:

Ангилал

1982 1985 2015 7-р анги autumn constitution facebook header kvant spurious coins uu Victory video wedding А.Мекей А.Хашбаатар Алтангадас Ариунжаргал архив аялал Б.Ганболд Б.Долгорсүрэн Б.Мөнхбат Б.Оюунгэрэл Б.Оюунчимэг Б.Түвшинбаяр Б.УРАНБИЛЭГ Бавуудорж багш багшлах дадлага бодлого бүтээл Бямбаа Ванчинхүү Г.Мөнхжаргал геометр Д.Алтанлит Д.Ганзориг Д.Ишцэрэнгийн нэрэмжит сан даалуу Дашаахүү Домбууваа дуу Дэлгэрэх сургууль Ж.Энхтүвшин З.Бямбасүрэн З.Наранцэцэг И.Гансүх И.Наранцэцэг иргэн Д.Ламжав Их буучид Квант для младших школьников Л.Шагдар Магсар Мөнхжаргал МУИС мэдээ Н.Баяраа Н.Ёндон намар олимпиад Оюунцэцэг П.Оюунбилэг Равдангийн МАГСАР Саранцэцэг Сум-Очир Т.Саранцэцэг Т.Чулуунцэцэг тоглоом Том Жагаа Тони Фату Тэргүүний ажилтан уралдаан Уранчимэг Уу булан Физикчид Хөл бөмбөг Хөтөл Хуурамч зоосны тухай бодлого Ц.Батсайхан Ц.Батхүү Ц.Сүрэнхорлоо Ц.Энхтүвшин Цогбадрах Цогзолмаа Цэцэгсайхан Цэцээ гүн Эмгэнэл