(Монгол Улсын ардын багш Лувсанцэрэнгийн Шагдарын нас сүүдэр 85-тай зэрэгцэж буйд зориулав)
-Бид эргэлзмээр, бас итгэл алдармаар эрин үед амьдарч байх шиг?
-За яаж байна. Яахаараа итгэл алдрам гэж?
-Мэдээллээр бөмбөгдөгчид дэндүү олширч, нээлт хийх төвшний авьяас билэгт эрдэмтэн цөөрч, бас тэгээд л бас бус байх мэт!
-Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан багш нар маань хэл бичгийн их мэдлэг мэдээллийг нягтлан шинжлээд, зүй тогтлыг нь нээсэн учир номын бурхад, эрдмийн мэргэд байв.
-Байгалийн ухааны, бүр тодруулбал математикийн шинжлэх ухааны салбарт ч тийм суут хүмүүн олон бий шүү дээ. Миний багш нараас өгсүүлээд л…
-Ай мэдэхгүй. Гэхдээ би өөрийн мэдэхгүйг “ертөнцөд ерөөсөө байхгүй” гэдэг битүү савтны нэг биш л дээ. Уран зохиол дүрсэлдэг. Шинжлэх ухаан баталдаг. Та 1970 оны үед шинжлэх ухаан ихэд хөгжсөн баруунд, тухайлбал, Чех улсын нийслэл Прага хотноо эрдмийн зэрэг цол хамгаалсан эрдэмтний хувьд, өөрийнхөө салбарын, тухайлбал, магадлалын онолоор Монголдоо төдийгүй дэлхийд танигдсан эрдэмтэд байдаг бол нэрлэ л дээ?
-Эн тэргүүнд Лувсанцэрэнгийн Шагдар багшаа сайхан хөөрөлдөөний сэдэв болгоё. Та тэр их эрдэмтнийг мэдэх үү, сургийг нь дуулж байв уу, суудал зэрэгцэж явав уу?
-Мэдэх байтугай танина. Одоо энх тунх яваа бол лавтайяа 80 хол гарч яваа байх, хуучнаар ардын журамт цэргийн анхны дөрвөн жанжны нэг Сумъяа бээсийн хошууны суман харуулын оюунлиг нэгэн. Намайг оюутан байхад МУИС-д багш, тэр ч байтугай тэнхмийн эрхлэгч байсан Ри, Да, Лу, Га (Ринчен, Дамдинсүрэн, Лувсанвандан, Гаадамба) багш нарын сууцны баруун жигүүрээс гарч, орос эхнэрээ сугадан гэдийсхийн алхдаг байсан бүтэн эр мөн үү?
-Мөнөөсөө мөн. Урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпаламын бүтээсэн “Харуул занги” киноны дэвсгэр нутаг Хярааны хонхороос олон суу алдартан төрсний манлай нэг нь миний математикийн багш Л.Шагдар. Энэ бар жил 85 нас сүүдэр нь зэрэглэж байгаа. МУИС, ШУА, Сэлэнгэ аймаг төдийгүй улс даяар ойг нь тэмдэглэж, сүмбүм /бүтээл/-ийг нь хэвлэн тарааж, баатарлаг үйлсийг нь сонин хэвлэл, телевизийн олон сувгаар сурталчилбаас залуу үеийн хүмүүншил, оюуны гэгээрэл, эх оронч сэхээрэлд их л хэрэгтэй юмсан гэж бодож явна даа.
-Арван лангийн гүүнээс мянган лангийн унага гардаг.
Ард олны гүнээс маргашгүй суутан төрдөг. Энэ бол харьцангуй үнэн. Таны магтаад байгаа Л.Шагдар багш юу юугаараа умартаж үл болом суут хүн юм бэ?
-Үндэсний эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэний учир уугуул ус, суугуул нутгаасаа хөөгдөж, Хятадаас Орост, Оросоос Монголд нүүдэллэн ирсэн цахруудыг Богд гэгээн их л элэгсэгээр хүлээн авч, гамин, цагаантан, улаан үерлэсэн хойд хилд харуул болгон суулгасныг та юу эс андах вэ. Тэр нутаг, ийм орчинд өссөн буриад хүү Шагдар 17 настайдаа, шинэ тутам нээгдэж байсан МУИС-ийн бэлтгэл ангид элсэн орсон нь тэр үеийн малчны хүү болгонд тохиох учрал биш байж л дээ. Өөрөөр хэлбэл Сумъяа бээсийн хошууныхан олон юм үзсэн оюунлиг хүмүүс байжээ. Шагдар хүү 9-10 дугаар ангийн хөтөлбөрийг ганц жилийн дотор сурч эзэмшсэн нь дээрх үгийн баталгаа. Бас тэр үед их сургуулийн багш нар нь ЗХУ-аас уригдан ирсэн эрдэмтэд байсныг, Шагдар багш өөрөө юм юманд авхаалжтай, ухаалаг нэгэн байсныг, дараа нь Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуульд аспирантур дүүргэж, эрдмийн зэрэг хамгаалсныг бодвоос оюутан, аспирант, эрдэмтэн Шагдар орос хэлд гаргуун байсан хэрэг. Бас англи хэлэнд ч хоосонгүй, зарим тэмдэглэл, бүтээлийн эхээ үндэсний монгол бичгээрээ жирийлгэн бичдэг байсан нь намайг оюутан байх үед содон байж билээ.
Дэлхийн хоёрдугаар дайны үед жил дараалан онцсайн сурч төгссөн оюутнаа МУИС, багшаар авч үлдсэн нь орос эрдэмтний номын ширээг монгол залуу залгаж авсан бахархалтай явдал байлаа. Шагдар багш маань их цалин, их сургуулийн багш, их нэр төр гуравт аргамжигдах нэгэн байсангүй. Москваг зорьжээ. Москва бол том гүрний нийслэл, эрдэм боловсролын уурхай байж. Малчин, хилчний удамт хүү, идэр залуу насандаа физик-математикийн ухааны эрдэмтэн болоод эх орондоо иржээ.
-Аливаа “анхдагч” нэр төртэй, сүр хүчтэй байдаг. “Ертөнцөд юу ч билээ анхдагч” гэдэг шиг шинэ цагт Монгол Улсад математик /тоозүй/-ийн ухааны эрдэмтний анхдагч нь Шагдар гуай юм байна аа даа. Ямар нээлт хийж, босго өндөртэй эрдмийн гүрнээс “Эрдэнэ өвөрлөж ирсэн” юм бол?
-Математикийн шинжлэх ухааны магадлалын онолын салбарт “Марков маягийн Гауссын тогтворжсон дарааллын үл мэдэгдэх параметрийн хамгийн их үнэний хувь бүхий аргын үнэлэлт хийгээд итгэх завсрын асимптот чанар” гэсэн сонирхолтой, яггүй хэцүү сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан юм.
-Мань мэтийн найрагч толгой үүнийг яаж ойлгох. Нэг онигоо ярья. Аугаа их Альберт Эйнштэйнээс нэг хүүхэмсэг эр, “Та харьцангуйн онолоо надад нэг ойлгомжтой тайлбарлаад өгөөч” гэсэнд их эрдэмтэн, “Та эхнэртэйгээ цуг зоогой (ресторан)-д тухаллаа гэж бод. Хоёрхон цаг. Хорин жил шиг удаан, бас уйтгартай санагдах бий вий. Харин нууц амрагтайгаа гурван цаг зоогойдоход гучхан хором өнгөрөх шиг түргэн бас төгс баясгалантай санагдана даа. Энэ мэт удаан нь түргэн, түргэн нь удаан, урт нь богино, охор нь урт, цөөн нь олон, олон нь цөөн, үнэн нь худал, худал нь үнэнг “харьцангуй” гээд ойлгочих” гэж зөвлөсөн гэдэг. Түүн шиг Шагдар эрдэмтний магадлалын онол, математик статистикийн талаархи нээлтийг би яаж харьцангуйгаар ойлгомоор юм бэ дээ?
-Энэ бол нарийн мэргэжлийн, гүнзгий ухаан л даа. Эрдмийн зэрэг хамгаалсан дээрх ажлын гол үр дүн, тэр даруйдаа л босго өндөр, нэр хүнд бүхий “СССР-ийн шинжлэх ухааны академийн илтгэлүүд” сэтгүүлд нийтлэгдсэн нь Монголын эрдэмтэн Л.Шагдар дэлхийн төвшний математикч мөн гэсний баталгаа болсон юм шүү.
-Монголчууд цөөхөн атлаа олны олноос дутдаггүй, муу атлаа сайны сайнаас дутдаггүйн захын жишээ Шагдар гуайн эрдмийн нээлт байж л дээ. Харин тэр их гүн гүнзгий нээлт хийсэн эрдмийн ажлыг нь Монголын төр засаг, манай шинжлэх ухааны байгууллагууд хэр зэрэг хэрэглэдэг, үнэлдэг вэ?
-Монгол Улсын хэмжээнд эрдмийн зэрэг, цол нь босго өндөртэй байсан 1957 онд доцент цол, 1966 онд профессор (таны хэлдгээр “их багштан цол”) гавьяат багш, ардын багш цол тус тус хүртээсэн нь багшийн минь ажил, бүтээл, хөдөлмөр зүтгэлийг МУИС-ийн хамт олон ч, төр засаг ч ойлгож үнэлж байсны нэгэн илрэл байх аа. Цаг хугацаатай уралдсан, цаг үедээ үнэлэгдсэн, шавь нартаа хайрлагдсан эрдэмтэн байсан, цаашдаа ч байх болно.
-Одоогоос 50 жилийн тэртээ хараагүй болсон гэдэг үнэн үү?
-Гэгээн хорвоог харах нүд нь таг харанхуйлсан ч, гэрэлт эрдмийн нууцад нэвтрэх билгийн мэлмийтэн багш маань шавь бид нараараа хөтлүүлсээр, сургуульдаа ирж ирээдүйн мэргэд, их дээдийн багш нарт эрдмийнхээ хишгийг хайрладаг болсон. Багшийг хичээл зааж, ном айлдаж байхад оюутнууд таг жиг, ажин түжин болж, саруул уудам танхимд нэг ч хүнгүй мэт байдагсан. Өөрөөр хэлбэл, эрдэм номын хүч увдисаар биднийг хүлдэг, хүндэтгэл хайранд нь бид умбадаг байж дээ.
-Мэдээж, эрдэм судлалын ажил нь бүүдийж, тасраа биз дээ.
- Яалаа гэж. Шавь нарынхаа хамт судалгааны ажлаа үргэлжлүүлсэн. Хараагаа бүрэн алдсаныхаа дараа хамаг анхаарал, оюуны хөвчөө зөвхөн математикийн шинжлэх ухаанд зориулан дайчилснаар тооны ухааны элдэв томьёо, тэмдэг бүхий математикийн өндөр төвшний хичээлийг заах өөрийн өвөрмөц арга барилтай болж, их амжилтад хүрсэн юм. Нэгэн зүйлд анхаарлаа төвлөрүүлж, тэвчээр хатуужилтай байваас ямар ч бэрхшээлийг давж, зорьсондоо хүрч болдгийг Шагдар багш маань бие сэтгэл, ажил үйлс, хатан зориг, хатуужил тэвчээрээр харуулж чадсан ховроос ховор хүн, товгороос товгор эрдэмтний нэгэн билээ. Бүрэн хараагүй болсон ч бэрхшээлд сөгдөлгүй бүхий л оюун ухаан, мэдлэг боловсролоо математикийн шинжлэх ухаанд зориулж, магадлалын онолын салбарын тулгуур чулууг Монгол эх орондоо анхлан тавьж, өдий зэрэг хүртэл хөгжүүлсэн буянт үйлстэн мөн. Математикийн шинжлэх ухааны үлэмж нарийн асуудлыг илэрхийлэн баталдаг тэр олон томьёо, тэмдэглэл, гаргалгааг харалгүйгээр бүгдийг ой тойндоо тогтоож, түүнээ оюутан залууст ойлгомжтой сайхан зааж сургана гэдэг үнэхээрийн гайхамшиг шүү. Үүнийг үе үеийн төгсөгч, шавь нар нь гайхан биширсээр явдаг юм.
-Тодорхой нэгэн жишээ хэлж болох уу?
-Бололгүй яахав. Нэгэн удаа би бээр та, ой тогтоолтоо яаж ингэж хөгжүүлж чадав аа гэж асуухад, тэрээр “Ертөнцийг гаднаас нь харж явах сайхан боловч, юмыг дотоод нүдээрээ харж ухаарахын учир холбогдол, хүч эрчим гэж байдаг юм шүү. Аливаа юмыг гаднаас нь харж сонирхож шохоорхоод байвал заримдаа анхаарлыг сатааруулдаг талтай” гэж билээ.
-Хараагүйн бэрхшээлийг сөрж, хамаг бүтээлээ туурвиж, харьцангуй их амжилтад хүрсэн хатан зоригтны л үг байна даа!
-Монгол Улсад магадлалын онолын дэг сургууль бий болгож, энэ салбартаа олон тооны эрдэмтэн төрөхөд асар их хувь нэмэр оруулсан, мартаж үл болом онцгой хүн.
-Шавь эрдэмтдийнх нь тухай ярихгүй юу?
-Шагдар багшийн олон шавь нарын дотроос магадлалын онолын чиглэлээр түүнээс суралцаж, дараа нь түүнтэй хамтран ажиллаж байгаад эрдэмтэн болсон гарын шавь нар олон бий.
-Тэр шавь эрдэмтэд гээд байгаа чинь хэн хэн, хэзээ, хаана эрдмийн зэрэг хамгаалсан, ямар хүмүүс байна даа?
-Д.Шагдар 1969 онд Украины Киевийн их сургуульд, П.Бэгзжав 1977 онд Польшийн Вроцлавын их сургуульд, Д.Бямбажав 1980 онд Ташкентын их сургуульд, Д.Монхор 1980 онд Унгар улсын ШУА-д, С.Тогмид 1983 онд Германы Карл-Маркс-Штат хотын Техникийн их сургуульд, М.Баасанжав 1990 онд Москвагийн их сургуульд, О.Цэрэнбат 1990 онд Узбек улсын ШУА-д, Б.Чимэд-Очир 1992 онд МУИС-д, Г.Хүрэлбаатар 1995 онд Унгарын ШУА-д тус тус магадлалын онолын чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалжээ. Энэ үед математикийн шинжлэх ухаанаар эрдмийн зэрэг хамгаалах босго тун өндөр байж билээ.
-Л.Шагдар багш одоо хаана, хэрхэн аж төрж байна вэ?
- Ахуй амьдрал, эрүүл-мэндийн шалтгаанаар гэргийнхээ нутаг Украин улсын Донецко мужийн Горловка хотод тун тарчиг даржин аж төрж байгаа. Миний бие, Монгол Улсаас тэр хоёр хөгшний тэтгэвэр, Шагдар багшийн ардын цолтны тэтгэмжийг нь авч илгээдэг юм. Хоёр хөгшинд үүнээс өөр орлогын эх үүсвэр байхгүй. Ер нь, багшийн маань гэргий Рита Попова бол бас нэгэн ховор хүн. Бид түүнийг Шагдар багшид тэнгэр бурхнаас илгээсэн элч, хишиг буян гэдэг юм. Түүний хайр ивээл, халамжаар багш маань энэ бар жилд 85- ны нас сүүдэртэйгээ золгож байгаа юм даа.
-МУИС болон БСШУЯ-наас анхааран харж үздэг үү. Энэ талаар шавь та нар санаачилж байгаа ажил байдаг уу?
-Огт зүгээр байгаагүй ээ. Шагдар багшийг хүндэтгэн биширдэг номын хэсэг шавь нь уулзан ярилцаад, нэг биш удаа хэд хэдэн төгрөг бүхий чин сэтгэлийн мэндчилгээ илгээж байлаа. МУИС 2009 онд дотоод журмынхаа хүрээнд цөөн хэдэн бор юмны тусламж үзүүлсэн. Энэ 2010 онд БСШУ-ы сайд Ё.Отгонбаярт өргөдөл өргөн барьснаар, яамнаас нэг сая төгрөгийн туслалцаа үзүүлсэнд нь шавь бид нар тун баяртай байгаа. Энд нэг зүйлийг онцлон өгүүлэхэд, өдгөөгийн МУИС-ийн захирал профессор С.Төмөр-Очир Шинжлэх ухаан, боловсролын сайд байхдаа ч, УИХ-ын дарга байхдаа ч, БСШУ-ы сайдын зөвлөх байхдаа ч Шагдар багшийн ахуй амьдралд нь туслах асуудалд ихээхэн анхаарч, нааштай шийдвэр гаргуулж байлаа.
-Хөлгүй атлаа онгоц жолоодон фашистуудыг бөмбөгдөж явсан домогт нисгэгч Алексей Мересьевээс илүү эрдэм ухааны энэ баатарт Монголын төр алдар цол, урам зориг хайрласан болов уу?
-Дөчин жилийн тэртээ “Алтан гадас” одон, 30 жилийн урьд гавьяат багш, 20 жилийн өмнө ардын багш цол хайрласан төр засагтаа багш минь баярлаж, одон тэмдгээ үе үе илж суудаг гэсээн, хөөрхий. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Монгол Улсын төрийн дээд шагнал, одон, медиалийн тухай хууль одоогийн төслөөрөө батлагдваас Монгол Улсын баатар нэгээр нэмэгдэж ч магад. Монгол хэлний “магад” гэдэг үгээр магадлалтай юмыг хэлж илэрхийлдэг байх аа.
- Үе тэнгийхэндээ төдийгүй хойч үедээ үлгэр дууриалтай сурч, ажиллаж, тэмцэж, нээж, бүтээж амьдарсан Шагдар багшийнхаа тухай надад сэнхрүүлсэн танд гялайлаа. Тойм үгүй хорвоогийн том жижиг юмсын уялдаа холбоо, тэдгээрийн нууц жам хуулийг нээж, харилцан үйлчлэлийг нь амьдралд хэрэгжүүлэгч эрдэмтдэдээ залбирму. Сайн заяагаар монгол хүн болж төрөөд, Шагдар эрдэмтэн шиг, Ша-гаа багш шиг хатан зоригтой, хатуужил тэвчээртэй тэмцэж, ялж амьдрах хойчийн дүү нарт та бид хоёрын энэхүү хөөрөлдөөн ухааны учиг, амьдрахуйн абшиг болоосой.
-Төрмөл ухааны саваа, таримал (олдмол) боловсролоор сэлбэж, хэлбэж, хамтад нь шүтэлцүүлэн багцруулж, алгууралгүй ажилласнаар ихийг бүтээсэн Бямбын Ринчен, Цэндийн Дамдинсүрэн, Шадавын Лувсанвандан, Чой.Лувсанжав, Базарын Ширэндэв, Намсрайн Содном, Лувсанцэрэнгийн Шагдар, Лодонгийн Түдэв зэрэг мартаж үл болом, манлай эрдэмтэн мэргэд, соён гэгээрүүлэгч нарын гавьяат үйлсийг яруу найрагч, ардын зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн хэлсэнчлэн,
“Тэнгэрт нартай нь мөнхөлж
Газарт галтай нь дархлах” юмсан даа
-Зөв хө!
Эвэр нь ургавал сүүгээ мартдаг нь малын зан
Эхнэр аваад эхийгээ умартдаг нь марлигаруудын зан
Эрдэмд цадаад багшийгаа мартдаг нь маанагуудын зан
Харин та эрдэмтэн багшийгаа мартдаггүй эрдэмтэн багш ажээ
Ногтгүй, эмээлгүй бол морь унах гэж санасны гарз
Ноосгүй, ахаргүй бол эсгий хийх гэж зүүдэлсний гарз
Номч мэргэдгүй бол Монгол хөгжих гэж хөөрцөглөсний гарз
Эх орныхоо хөрсийг урснаар, ухсанаар
Баяжсан улс цөөн
Эрдэмтэн мэргэдийнхээ ухааныг уудалснаар, ургуулснаар
Хүчирхэгжсэн гүрэн олон
Манлай мэргэдийн алдар
Мянган галавт мөнхөртүгэй.
No comments:
Post a Comment