-Ерөөсөө л тийм. Дэндүү томоотой, бүрэг ичимхий, хэл ярианд тааруу. Багшийгаа дээд зэргээр шүтнэ. Багшийн хэлснийг л хийнэ. Бусад ангийнхан бол хэл амтай, ганган дэгжин гэж жигтэйхэн. Харин манайхан биеийнхээ бүхий л халуун дулаан энергийг тархиндаа л нөөцлөөд байх нь тэр. Дунд сургуулийн сурагч байхдаа хэн нэгэн багшийн сурах бичгээр хүмүүжиж, түүнийхээ амт шимтэнд бүх биеэрээ уусчихаж байгаа юм. Тэгээд их сургуулийн оюутан болохдоо өнөө багш нарын амьд дүрийг хараад зогсохгүй гарынх нь шавь болж байгаа нь тэдэнд тэнгэрийн умдаг атгасантай л утга дүйж байгаа юм. Тиймээс физик, математикийн оюутнууд багш нараа дээд зэргээр шүтдэгийн нэг жишээ энэ.
-Багшилж байх үед чинь оюутнууд ийм байж. Өнөөдөр сэтгэл зүйн талаасаа ч юм уу, ямар нэгэн өөрчлөлт орсон болов уу?
-Ажлаасаа хөндийрөөд 10 гаруй жил боллоо. Тийм болохоор сайн мэдэхгүй байна. Гэхдээ анзаарч байхад охид голцуу болсон байна лээ. Тэд физик, математикийн шинжлэх ухааныг уураг тархиныхаа багтаамжаар дэлхий дахинд нэр төртэй авч явах эрдэмтэд мөн үү, биш үү. Мэдэхгүй юм аа.
-Хүний орчлонгийн нэг гол чанар нь аливаа хүнийг нээх, дотоод ертөнцийг нь танихад оршдог байх гэж бодном. Их сургуулийн танхимд 16 жилийг үдэхдээ олон сайхан хүний давтагдашгүй чанаруудыг мэдэрсэн байх. Тэр бүгдээсээ хуучлахгүй юу?
-Манайхан эрт дээр үеэсээ эхлээд хүний оюуны чадварыг дутуу үнэлсээр ирсэн. Энэ тухай зохиолчид хаа нэгхэн дуугарна. Эрдэмтэд бол таг. Чимээ аниргүйхэн юм аа нухаад л сууж байна. Тамирчид ч юм уу, урлаг спортынхон амжилт гаргах зэрэг нь олны нүдэн дээр ил. Тэгтэл жинхэнэ оюун ухааны үнэтэй "капиталууд" нь хөшигний ард байгаад байдаг. Манайд дэлхийн хэмжээний эрдэмтэд байсан уу байсан, байгаа юу байгаа. Багш нарын минь дунд ч байна, шавь нарын дунд ч байна. Тэд бүгдээсээ дурсъя.
Н.Содном, Д.Батсуурь, Д.Чүлтэм гээд дэлхийд нэртэй физикийн эрдэмтэд байлаа. Д.Чүлтэм багшийгаа онцолж хэлмээр байна. Энэ хүн дэлхийн физикийн шинжлэх ухаанд нээлт хийсэн.
-Тодруулбал?
-Маш нарийн зүйл л дээ. Мэргэжлийн хүрээнийхэнд л ойлгогдоно. Энгийнээр хэлэх юм бол бүр атомын судалгаа дотор нэвтэрсэн байгаа юм.
Орост байх Олон улсын цөмийн шинжилгээний төвд олон жил ажилласан.
Тэрбээр залуучуудтай маш ойр ажиллаж тэдний дунд сонирхолтой санаа оноо шиднэ, оюутнуудыг хөгжөөнө. "Шинжлэх ухаан гэдэг чинь хүршгүй оргил, сансар огторгуйд байгаа од, эрхэс биш. Зүгээр энгийн зүйл" гэж зоригжуулж, чиглүүлнэ. Ер нь идээ санааны үүр уурхай байсан даа.
-Шавь нарынхаа үзүүлсэн амжилтын тухайд юу хэлэх вэ?
-Олон шавь нарынхаа тухай ярьж болно. Гэхдээ цаг зав, сонины зай талбай юу билээ. Хайртай нэг шавийнхаа тухай ярихын өмнө нэгэн гайхалтай багшийнхаа тухай товч өгүүлье. Москвагийн их сургуулийн "Онолын физикийн бодлого" гэсэн зузаан ном байсан. Энэ номыг манай сургуулийн онолын багш нар болоод оюутнууд учрыг нь муухан олж байвал хангалттай гэж дүгнэнэ. Тэгтэл тэр алдартай номын бодлогын бодолтод алдаа байгааг Х.Очирбат гэж багш олоод харчихсан. Яг юунд алдаа байгааг нь мэддэггүй. Нэг өдөр зуны амралтаараа гэртээ байж байгаад гэнэт "оллоо" гэж хашгирч ширээндээ очиж суугаад зассан гэдэг. Дэлхийн физикийн шинжлэх ухааны төв Москвагийн их сургуулийн онолын номын алдааг олно гэдэг бол агуу байгаагийн чанар шүү. Москвад докторын зэрэг хамгаалахаар сурч байхдаа эрдэм шинжилгээний өгүүлэл бичээд удирдагч багшдаа өгсөн байгаа юм.
Тэгтэл хэд хоногийн дараа орос эрдэмтэн багш нь шинжлэх ухааны том сэтгүүлд өнөө материалыг нь өөрийнхөө нэрээр гаргаж. Тухайн эрдэмтэн докторыг өндөрт өргөж мандуулахаар тийм гайхалтай зүйл манай хүн биччихэж л дээ. Үүнд Х.Очирбат багш дургүйлхээд шууд сургуулиа хаяж эр зориг гаргасан юм билээ. Монголд ирээд миний дааж авсан ангийн маань оюутан Ц.Ганцогийг дагалдаж багшаа болгож авч байв.
Шавь Ц.Ганцог (МУИС-ийн захирал) маань Москвад докторын зэрэг хамгаалаад олон улсын онолын физикийн сэтгүүлд редакцийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсон. Дэлхийн бүх алдартай эрдэмтэд миний шавьд бүтээлээ ирүүлж үнэлүүлж, дүгнүүлж байна гээд бодоход өөрийн эрхгүй бахархал төрдөг дөө.
-Үндсэн мэргэжил чинь уран бүтээлд тань ихээхэн нөлөөлдөг болов уу. Физикийн томъёоны гаргалгаа шигээ аливааг үнэн бодитойгоор авч үздэг шиг санагддаг юм. Үүнд өөрөө ямар бодолтой явдаг бол?
-Миний хувьд үгийн утгын алдаагүй, логикийн ямар нэг зөрчилгүй бүтээл туурвих сан гэж боддог. Энэ маань хүмүүст таны асууж байгаа шиг сэтгэгдэл төрүүлдэг байх. Нэр төртэй яруу найрагчид маань гэнэт онгод нь орж авьяас билэг нь ундраад эхлэхээр шүлэг зохиол нь бороо шиг асгараад буудаг шиг байгаа юм. Түүнийгээ уншаад өнгөрөх бол сайхан. Яг жаахан тогтоогоод харвал маш их алдаа зөрчил байдаг. "Энэ үг өгүүлбэр чинь ямар санааг агуулж байгаа юм бэ" гэхэд "Мэдэхгүй ээ гэнэт л тэгж буусан" хэмээн бодох санах юмгүй хээвнэг өгүүлэх нь бий.
-Том зохиолчдод иймэрхүү байдлаар "банга" хүртээгээд буруудаж байсан тохиодол байгаа юу. Уран бүтээлчид чинь их эмзэг хүмүүс байдаг?
-Тийм ээ. Нэг гайтай юм болсон шүү. Их сургуульд физикийн багш байх үедээ яруу найраг нэг л болохгүй болоод байх шиг санагдаад. Тухайн үед "Болор цом" наадам ид нэр хүндтэй байлаа л даа. Би "Утга зохиол, урлаг" сонин, "Цог" сэтгүүл захиалж, шинэ дугааруудыг нь тэсэн ядан хүлээдэг байв. Шинэ соргог юм гардаггүй. Тэгэхээр нь "Авьяасаа шавхан бичээч" гэсэн шүүмж бичлээ. Нэртэй устай нь "туусан даа". Зарим нэг нь "Энэ муу физикийн багш юу юм" гэж бодсон байх. Зарим нэг нь "Нээрээ ч тийм шүү" гэж ухаарч ойлгосон л байх.
-Та хэн хэнийг бичив?
-Өнөөдөр алдар цолд хүрчихсэн луугаруудыг бүгдийг нь аваад өгсөн. Нэр усыг нь одоо хэлээд яахав дээ. Ингэж шүлгээ сонинд хэвлүүлэхээс өмнө шүүмж эхэлж хэвлүүлсэн хүн дээ, би.
-"Түшээт ханы Намхай аварга"-гаас аваад "Монгол эрийн жавхаа", "Насны хайр", "Гэртээ ирлээ" гээд зохиолын олон сайхан дууны шүлэг бичсэнийг уншигч, сонсогчид маань мэдэх болов уу?
-Дууны шүлэг бичих амаргүй гэж зохиолчид хэлдэг юм. Яагаад ч юм надад болмоор л санагддаг. Болсон болоогүй хэдэн дууны шүлэг бичсэн. Нэг удаа Баянхошуунд аавындаа очоод хуучилж суутал тухайн үеийн "Улаанбаатар" сонины булан дээр "Эзэнтэй дууны уралдаан зарлаж байна" гэсэн зарлалын чанартай мэдээлэл харагдана. Энэхүү уралдаанд авьяас билгээ сорьж үзмээр санагдаад Хадаа аваргын тухай шүлэг бичлээ.
-Хөгжмийг нь ямар хүн бичсэн бол?
-Ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Д.Лувсаншарав гуай дээр орсон юм. Манай хоёр хөрш л дөө. Тэгтэл Лууяа "Хадаа аварга сайхан бөх. Гэхдээ өөрөө алдаж онов уу, хүн алдуулав уу. Будлиантай явж ирлээ шүү дээ. Хадаагаас өөр хүн энэ бөхөд чинь байдаггүй юм уу, Ш.Намхай гээд домог түүх болсон олон алдартай аваргууд байгаа биз дээ" гэхгүй юу. Тэрхэн агшинд надад Ш.Намхай аварга гэсэн бодол шууд л зурсхийгээд ороод ирлээ. Энэ домог түүхтэй бөх миний багын шүтээн байв. Аваргатай холбоотой ямар л материал гарна, тэр бүгдийг аваад хадгалчихдаг. Амжилт болоод намтар түүхийг нь цээжээр мэддэг байсан. Ингээд Ш.Намхай аваргын тухай шүлэг бичиж Лууяа багш дээр буцаад орж чадалгүй, Д.Мяасүрэн гуайд хандсан. Бид хоёр нэг нутаг усных. Гэхдээ түүнээс өмнө нүүр тулж уулзаагүй. Дотроо шүтээд бахархаад явдаг ийм хүн. Д.Мяасүрэн гуай бид хоёрын "Түшээ ханы Намхай аварга" гэсэн дуу тухайн уралдаанд түрүүллээ.
-Нутаг ус гэснээс та чинь Ховд аймгийн Дарви сумынх. Саяхан "Сутайн Олхонууд" гэсэн номыг тань үзээд дарвийнхныг биширсэн шүү?
-Алдарт "Ганжуур", "Данжуур"-ыг орчуулалцсан Мишиг гүн гэж алдартай эрдэмтэн байж. Энэ хүн нутагтаа дээрх алдартай судар номуудыг жилийн дөрвөн улирлын турш орчуулахад ган, зуд болдоггүй байсан гэдэг. Манай нутгаас шинжлэх ухааны 20 шахам, зүгээр докторын /хуучнаар дэд доктор/ зэрэгтэй 60 гаруй байна. Гавьяат зүтгэлтэн 30 гаруй, улсын цолтой арваад бөхтэй. Улсдаа тоотой хэдэн манлай уяачийн нэг Д.Түвдэн агсан байна.
-Ер нь ийм олон эрдэмтэд төрсөн сум байдаг болов уу?
-Яаж байхав дээ.
-Ийм олон эрдэмтэн мэргэд төрснийг та хувьдаа юу гэж ойлгодог вэ?
-Нутаг усны нөлөө юм болов уу гэж бодно. Манай Дарви чинь алтай, хангай, говь, тал хээр хосолсон үзэсгэлэнт байгальтай. Дээр нь хөдөлмөрч чанар.
Цогтгэрэл, Галсандорж, Гэндэнпил гээд Монголдоо нэртэй хөдөлмөрийн баатрууд маань жинхэнэ ажлын төлөө төрсөн хүмүүс байсан. Хонь нь хэтэрхий таргалснаас болж сүүл нь язраад өтчихдөг гээд бод доо. Нутгийн өвгөд "Энэ хонин сүргийг чинь таргалуулж болохгүй юм" гэж инээвхийлээд өтчлөөд сууж байдаг сан.
-"Мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй зүйл гэж байдаг юм" гэх сүүлд гаргасан ном тань олны анхаарлыг татаад байх шиг?
-Мөнгөтэй л бол бүхнийг эзэрхийлж болно гэсэн ойлголт энэ цаг үед аймшигтайгаар газар авч байна. "Мөнгө намайг тайвшруулдаг л зүйл" гэж нэгэн ухаантан хэлсэн байдаг. Энэхүү номонд 24 сэдэл өгүүлэл, нэг шүлэг байгаа. Номынхоо нэг бүлгийг ард түмэнд, нөгөөг нь төр засагт зориулсан.
Өнөөдөр манайхан ялангуяа төр, засгийн эрх барьж байгаа өндөрлөгүүд ном уншдаг болов уу, үгүй болов уу. Ямар ч байсан хүний үг огт авдаггүй. Тэднийг хэт их өнгө мөнгөнд шүтэлгүй үнэ цэнэтэй зүйлийг мэдрээсэй, ахуй амьдралдаа хэрэгжүүлээсэй л гэж ийм ном тэрлэсэн дээ. Мэдээллийн эх сурвалж : Д.Данзан: Дэлхийд гайхагдсан эрдэмтэн багш нараараа бахархдаг
1 comment:
Как говорилось на Seexi.net на данный момент перестала искать мужчину для ответственных отношений, как принято говорить время придет-все будет. а вы согласны с этим утверждением? или же же наоборот, нужны искать собственного мужчину, не полагаясь на судьбу?
Post a Comment