Өнгөрсөн оны 3 сард Төв аймгийн Лүн суманд болсон хурдан морины уралдаанаар аав ээжийнхээ өврөөс гараагүй шахуу 9 настай хүү алтан амиа алдсан харамсалт мэдээ сонин хэвлэл, телевизээр цацагдаж, бурхан болсон хүүгийнхээ хойноос хий хоосон гашуудан шаналж буй харж хандах төр, засаггүй, амьдрал тарчиг ар гэрийн нь өрөвдөлт байдал намайг аргагүй бичиг цаас нийлүүлж, өнгөн дээрээ хурдан морины уралдаан нэртэй, үндэсний гэсэн тодотголтой спорт, үнэн хэрэгтээ дээр үеийн морин уралдаанаас агуулга зорилгоороо эрс өөр болсон, голдуу төрөөс төрсөн тэрбумтан, шинэ цагийн төрмөл баячуудын мөрийтэй тоглоомонд ядуу хоосон ард түмний нялх балчир хүүхдүүдийг татан оролцуулдаг, тэдний амь нас, эрүүл мэндээр тоглодогийг даруй таслан зогсоохыг уриалсан “Хурдан морины уралдаан нэртэй зэрлэг зугаа цэнгэл ” гэсэн нийтлэлийг baabar.mn сайтын блоггер буланд бичихэд хүргэсэн билээ. Энэ нийтлэлийг уншиж, сэтгэгдэл бичсэн хүмүүс бүгд үзэл бодол нэгтэй байгаагаа илэрхийлэн дэмжиж, зарим нэг нь бүүр хурдан морийг эзнээр нь эсвэл эзнийх нь өөрийн үр хүүхдээр унуулдаг болго гэх зэргээр сэтгэл хөдлөл, жигшил зэвүүцлээ илэрхийлснийг энэ сайтад ороод үзэж болно. Ганц би ч биш өмнө нь өдий төдий сэтгүүлч,нийтлэлч нар, тухайлбал, Г.Дашрэнцэнгийн “Зэрлэг цэнгэлийн хөлд хүүхдүүд”, “Баячуудын зэрлэг цэнгэл, хар тамхиар тарьсан адгуусны хөлөөс хүүхдээ салгаж авах цаг”, Х.Хулангийн “Унаач хүүхдийн сүнс амирлаагүй байхад эрлийз адуу, энгэрийн тэмдгийн хэрүүл эхэллээ” нийтлэлээрээ энэ сэдвийг хөндөн, тэр бүр олон түмнээс өргөн дэмжлэг авч байсныг интернетээр ороод үзэж болно. Товчхон хэлэхэд соёлтой, сэтгэл зүрхтэй/совесть/ хүн бүр энэ зэрлэг зугаа цэнгэлийг нэн даруй хориглон зогсоохын төлөө байгаа гэдэгт итгэлтэй байна.
Нэг үгээр хэлэхэд энэ асуудлаар төр, засгийн зүгээс олигтой шийдвэр горьдоод нэмэргүй болтой, мушгиж хэлвэл хурдан морь унан үхэж үрэгдэх, гэмтэх аюул занал эрх мэдэл, эд хөрөнгөтэй дарга, баячуудын хүүхдэд биш харин харж хандах хүнгүй, хууль цагдаа тоодоггүй, хөрөнгө мөнгөгүй ядуу ардын хүүхдэд хамааралтай байгаад байж мэдэхээр байна. Иймд аль болох богино хугацаанд бага насны хүүхдээр хурдан морь унуулахыг зогсоох хамгийн оновчтой зам нь Үндэсний Их Баяр Наадмын тухай хуулийн “7-гоос дээш насны хүүхдээр хүрдан морь унуулна” гэсэн 7-р зүйлийн 8.2 заалт Монгол Улсын Үндсэн хуулийн зарим заалтуудыг зөрчиж байгаа эсэхийг хянан шийдвэрлүүлэхээр Үндсэн хуулийн Цэцэд нэхэмжлэл гаргах болж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийг тунгаан уншвал Үндэсний Их Баяр Наадмын тухай хуулийн дээр дурьдсан 7-р зүйлийн 8.2 заалт Монгол Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн “Монгол улсын иргэн амьд явах эрхтэй” гэсэн 1-р заалт, “Хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэсэн 11-р заалт, “Монгол улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэсэн 10-р зүйлийн 2-р заалтуудыг тус тус зөрчиж байна гэсэн дүгнэлтэнд хүрэхээр байна.
Монгол Улсын бараг бүх хуулийг уншихад уг хууль Үндсэн хуулийн амин чухал санаануудын нэг болох “Монгол улсын иргэн амьд явах эрхтэй” гэсэн 16-р зүйлийн 1-р заалтыг хэрэгжүүлэх санааг ил эсвэл далд хэлбэрээр илэрхийлсэн байдгийг олж ойлгоход түвэггүй. Харин энэ заалтыг зөрчсөн хууль журмыг олохын тулд зөв зүгээр эрүүл саруул явж байгаа хүн амь насаа алдах, гэмтэж бэртэх боломжийг бүрдүүлж байгаа, амь насаа алдаж, гэмтэж бэртэж байгаа нөхцөл шалтгаан, түүнийг үүсгэж буй эрх зүйн үндсийг хайх болно. Тэгвэл үүнд юуны түрүү хурдан морины уралдаан орно гэдэгт бат итгэлтэй байна. ЭМШУИС-ийн хэсэг багш нар зөвхөн 2006-2008 онд зохиогдсон Үндэсний болон бусад томоохон /томоохон гэж байгаа шүү, үнэндээ ихэнх золгүй явдал багахан орон нутгийн чанартай наадмуудад тохиолддог / баяр наадмын хурдан морины уралдаанаар гарсан осолыг судлахад 101 хүүхэд мориноос унаж, тэдний 2 нь тархины хүнд гэмтлээс болж нас барсан ба 40 нь хүнд хөнгөн гэмтсэн гэсэн үзүүлэлт гарчээ. Хүний эрхийн комиссийн тайланд дурьдсанаар 1996 оноос бүрэн биш тоогоор 18 хүүхэд хурдан мориноос унаж, амь насаа алджээ. Мөн завхөн 2003-2007 онд Гэмтэл согог, сэргээн засалтын үндэсний төвд хурдан мориноос унаж, гэмтэл авсан 816 хүүхэд хандсан баримт байна. Дайн байлдааны мэдээлэл шиг дээрх хурдан мориноос унаж амь насаа алдсан, бэртэж гэмтсэн хүүхдийн тоо Үндэсний Их Баяр Наадмын тухай хуулийн “Баяр наадмын хурдан морийг 7-гоос дээш насны хүүхэд үнана ” гэсэн 7-р зүйлийн 8.2. заалт Монгол Улсын Үндсэн хуулийн ““Монгол улсын иргэн амьд явах эрхтэй” гэсэн 16-р зүйлийн 1-р заалтыг илт зөрчиж байгааг батлах хангалттай тоо баримт болно гэж бодож байна.
Үндэсний Их Баяр Наадмын тухай хуулийн дээрх заалт зөвхөн 7 хүртэлх насны хүүхдийн эрх ашгийг хамгаалаад түүнээс дээш насны насны хүүхдийн ашиг сонирхолыг зөнд нь орхисон, зөнд нь орхисон ч гэждээ амь нас, эрүүл мэндэд нь шууд заналхийлснийг Монгол Улсын Үндсэн хуулийн “Хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэсэн 16-р зүйлийн 11-р заалттай нийцэж байгаа гэдэгт хэн итгэх юм бэ. Ер нь 7-гоос дээш насны хүүхдээр хурдан морь унуулна гэдгийг хууль санаачлагч эрхэмүүд хаанаас олсон нь сонирхолтой. 2 настай хүүхдээр хурдан морь унуулна гэвэл шууд цаазын тогтоол уншиж байгаагаас ялгаагүй нь хэнд ч ойлгомжтой. Тэгээд явж явж 7-той болохоороо хурдан морь унаж болдгийг ямар эрдэм шинжилгээний байгууллага, хэн гээч эрдэмтэн тогтоосныг эрхэм гишүүд, хууль санаачлагчдаас асуухад илүүдэхгүй ба арай зөвхөн монгол хүүхдийн биеийн жин ба өсөлт, монгол морины чадал тэнхээ, уралдах замыг тооцож байгаад хуулиндаа 7 гэсэн тоо оруулж, амьтны шившиг, үндэсний гутамшиг болоогүй гэдэгт найдахаас өөр зам байхгүй.
1990 онд Монгол Улс нэгдэн орсон Хүүхдийн Эрхийн тухай олон улсын конвенци Ардчилсан Монгол Улсын нэгдэж орсон олон улсын гэрээ хэлэлцээрүүдийн анхдагчийн нэг болно. Тэгвэл уг конвенцийн 6-р зүйлд “Оролцогч улсууд хүүхдийн амьд явах жам ёсны эрхийг хүлээн зөвшөөрч, хүүхдийн амьдрах, эсэн мэнд хөгжих бололцоог дээд зэргээр бүрдүүлнэ ”, 24-р зүйлд “Оролцогч улсууд хүүхдийн эрүүл мэндийг хохироох уламжлалт дадлыг устгах зорилгоор зохистой, үр нөлөөтэй бүх арга хэмжээг авна” гэж заажээ. Сүүлийн заалт нь яг манай Монголд, тэр тусмаа хурдан морины уралдаанд тусгайлан зориулагдсан мэт байгаа биз. Одоо Монгол Улсын Үндсэн хуулийг сөхвөл түүний 10-р зүйлийн 2 дугаарт “Монгол улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ ” гээд тодоос тод тунхаглажээ. Гэтэл Монгол улс хуулиараа бага насны хүүхэд хурдан морь унахыг зөвшөөрч, жил бүр олон тооны хүүхдийн амь насыг хөнөөж, их бага хэмжээгээр бэртээж гэмтээж байгаа нь Хүүхдийн Эрхийн тухай олон улсын конвенцийг Монгол улс шударгаар биелүүлж байгаа гэдэгтэй хэн ч санал нийлэхгүй гэдэгт бат итгэл, үнэмшилтэй байна.
Дээрх баримт нотолгоо, миний бодлоор зөвхөн нэг заалт нь Монгол улсын Үндсэн хуулийн гурван заалтыг зөрчиж байгаа Үндэсний Их Баяр Наадмын тухай хуулийг бүрэн эхээр нь уншвал хууль гэхээсээ илүү бөх, морин уралдааны дүрэм журам ч юм шиг тэд давсан бөх, төд түрүүлсэн уяачид ийм тийм цол олгоно гэсэн Америкт dumb laws нэрлэгддэг мангар марзан хуулиудтай дүйж очино. Гэхдээ Америкийн зарим муж улсын марзан хуулиуд цаанаа нэг санаа агуулж байдаг, тухайлбал, мэлхий долоож болохгүй гэдэг нь мэлхийг долооход түүнээс мансууруулагч бодистой төстэй бодис ялгардагтай холбоотой байх жишээтэй. Тэгвэл манай энэ марзан хуулийн гол санаа нь морь унадаг хүүхэд, спортлог чанар зэрэгтээ бус зөвхөн хуулинд уяач гэж нэрлэгдэх хурдан морины эзэн Ерөнхийлөгчийн зарлигаар олон зэрэг дэвтэй, элдэв цол гуншин авахад чиглэсэн гэдгийг уншсан хүн олж ойлгоход түвэггүй. Ер нь энэ марзан хуулийг нэртэйгээр нь бөх, хурдан морины уралдааны дүрэм болгоод одоохондоо спортын төрөлд багтах битгий хэл ойртож очиход хол байгаа эдгээр үндэсний уламжлалт баяр наадмын дээрх төрлүүдийг хөгжлийн зөв гольдролд нь оруулж чадвал дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөх спорт болон хөгжих боломжтой. Ямар ч байсан одоогоор бага насны хүүхдээр морь унуулж амь насыг нь бусниулдаг, гэмтэл бэртэл гаргадаг, морио хэт хол зайд уралдуулж амьтан алдаг, морио үүлдэр угсаагаар нь ялган гадуурхдаг, морин уралдааныг эхнээс нь дуустал биеэр үзэх боломжгүй, зөвхөн барианд орохыг нь хардаг, морь унасан хүүхэд-тамирчинд ач холбогдол өгдөггүй, зөвхөн морины эзэн, мөнгөтэй баян хүнд тухайн улсын Ерөнхийлөгч буюу Хааны зарлигаар цол гуншин олгодог, мөнгө бооцоо шүтсэн монголын хурдан морины уралдааныг шударга зарчмын үндсэн дээр хүч чадал, хурд, авьяасаа сорьдог спортын төрөлд хүлээн зөвшөөрч, улс орондоо хөгжүүлэх дэлхийн ганц ч улс олдохгүй гэдэгт бат итгэлтэй байна. Сайн судлавал бөх зүрх гарган, ширэн нүүрлэж хүний хүүхдээр хурдан морь унуулдаг увайгүй зан заншил монголчуудынх биш Манж, Хятадын улбаатай байж мэднэ. Телевизээр харж байхад эртний монгол ёс заншлаа биднээс дутахгүй хадгалж, дээдлэж ирсэн Өвөр Монголчууд бидний адил бөх барилдаж, морь уралдуулж, ном сум харваж л байх юм. Гэхдээ нэг том ялгаа байна. Хурдан морийг нь хүүхэд биш том хүн унаад уралдаж байна билээ.
4 comments:
Баячуудын зугаанд багачуудаа золиослогч эцэг эхчүүдэд хариуцлага тооцъё
Унаач хүүхдүүд мориноосоо ойчиж гэмтэж бэртэх, эндэх тохиолдол энгийн үзэгдэл болжээ. Өнгөрсөн ням гарагт Ховд аймгийн Жаргалант суманд цэргийн баярт зориулж болсон хурдан морины уралдааны үеэр найман настай унаач хүү моринд чирэгдэж нас барсан. Өчигдрийн байдлаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд мориноос унаж бэртсэн арав гаруй хүүхэд эмчлүүлж байна. Бид энэ талаар сурвалжлахаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийг зорилоо.
Энд өнгөрсөн бямба гарагт зургаан хүүхэд мориноос унаж бэртсэн байдалтай хүргэгдэн иржээ. Ганцхан өдрийн дотор зургаан унаач хүүхэд гэмтэл авсан байна. Унаач хүүхдүүдийн хоёр нь тархиндаа гэмтэл авсан бол дөрвөн хүүхдийнх нь хөл, гар, аарцагны яс нь хугарсан гэнэ. Тархины гэмтлийн тасагт хүргэгдэн ирж эмчлүүлж байгаа хоёр хүүгийн нэг нь болох н.Мөнх-Эрдэнэ өнөөдөр хагалгаанд орох гэж байгаа аж. н.Мөнх-Эрдэнэ Хүй долоон худагт зохион байгуулагдсан уралдаанд оролцож байх үедээ мориноосоо унаж гавлын ясаа гэмтээжээ. Түүний гавлын яс цуурч тархинд нь цус хурсан бөгөөд яаралтай хагалгаа хийх шаардлагатай байгаа тухай тус тасгийн эмч ярилаа. Гэмтлийн улмаас хүүгийн тархины яс цоорсон бөгөөд үүнээс болж насан туршдаа эрэмдэг болж байгаа аж.
Хурдан морины уралдаанд оролцож байгаад гэмтэл авсан хүүхдүүдийг морины эзэд нь гэмтлийн эмнэлэгт авчирч орхиод явчихдаг гэнэ. Ингэхдээ хүнд гэмтэл авсан хүүхдүүдийг л эмнэлэгт хүргэхээс биш хөнгөн бэртсэн хүүхдүүдийг бол нуугаад л орхидог. Энэ мэтчилэн дурьдаад байвал хурдан морины уралдаан дагасан балаг их. Хурдан морины уралдаан бол монголчуудын үндэсний өв соёл, ёс жаягийн нэгээхэн хэсэг. Гэхдээ ингэж кайф авч, зугаа гаргахын тулд айлын балчир хүүхдийг золиос болгож байхгүй.
http://news.gogo.mn/r/120029
Унаач хүүхэд мориноос чирэгдэн амиа алдав
Монгол ёс жаяг гэж хатуу юм. Эрт дээр үеэс нүүдэлчин замналаар аж ахуйгаа эргэлдүүлж, хүүхэд багачуудаа ажлын дүйтэй болгох гэж малд дасгадаг. Энэ ч утгаараа хар багаасаа морин дэлэн дээр өсч мал ахуйдаа явдаг.
Хурдан морины хүүхэд гэх нэршил эрт үеэс эхлэлтэй ч энэ цаг үед эрлэгийн илч болжээ. Өнгөрсөн жилүүдэд хурдан морины хүүхэд унаж бэртэх, цаашлаад амь насаа алдах тохиолдол мэр сэр гарч байсан.
Гэтэл онд гарсаар нэлээд хэдэн тохиолдлоос болж хүүхэд хохирлоо. Ойрын жишээнээс дурьдвал, Төв аймагт болсон хурдан морьдын уралдааны явцад 20 гаруй хүүхэд унаж бэртсэн байгаа. Үүний улмаас зургаан хүүхэд зэрэмдэг болж өдгөө эмнэлгийн үүд сахиж сууна. Түүнчлэн энэ сарын 17 буюу ням гаригт Ховд аймгийн Жаргалант суманд цэргийн баярт зориулсан хурдан морины уралдаан болжээ. Гэтэл энэ үеэр их насны морь унаж байсан хүү унаж улмаар км гаруй газарт чирэгдэн амь насаа алдсан байна.
Эх сурвалжийн мэдээллээр талийгаачийн унасан морь уралдааны гараанаас гармагц хадуурч ийнхүү осолджээ. Хүүгийн аминд хүрсэн морины эзэн нь тус аймгийн 123 дугаар цэргийн ангийн захирагч н.Галбадрах гэнэ. Тэрбээр цэргийн баярыг хурдан хүлгээрээ чимэх гэсэн боловч “чигчийхэн” чинээ хүүгийн амиар наадаж өнгөрөөв.
Нутгийн иргэдийн хэлж буйгаар хүү 8-9 настай байжээ. Айлын нялх хүүхдээр хурдан морь гэх адгуус унуулдаг төмөр зүрхтнүүд монголд л бий. Монгол ёс, заншил ярьж молиго үмхүүлж, эцэг, эхийг нь хэд гурван цаасаар хуурч хүүхдээр нь зугаацаж болдог хэрэг үү. Хүүхэд гэдэг чинь хүнээс тасарсан амь. Эцэг, эхийн хайр халамжинд энхрий бяцхан насаа илээх тавилантай хүмүүс. Гэтэл хөрөнгөтэй нэгний хөл дүүжлэх унаад чиргүүлж хүүхэд насаа өнгөрөөх гэж үү.
Хурдан морины уралдаанд хүүхдийн эрх зөрчигдөж байгааг олон жилийн турш ярьсан. Унаач хүүхдэд насны хязгаар байх ёстой. Хурдан морины уралдаанд оролцож байгаа хүүхэд хамгаалалтын хувцас заавал өмссөн байх. Уралдаанд оролцуулах насыг дахин хэлэлцэж есөөс дээш насны хүүхдийг хамруулна гэж заасан байдаг. Хуульд заасан наснаас доош настай хүүхдийг уралдаанд оролцуулсан тохиолдолд уяачтай хариуцлага тооцдог болох саналыг холбогдох газруудад хүргүүлж байсан удаатай. Гэвч монголын хууль гурав хоног гэгчээр унаач хүүхдийн асуудал орхигдов.
Хүүхдийн амжилтыг зохих түвшинд үнэлж спортын төрлөөр хөгжүүлэх, бооцоот уралдаанд насанд хүрээгүй хүүхдийг оролцуулахгүй байх гэсэн дүрэм хааччихав. Хаа хамаагүй цэргийн баяраар далимдуулж хүний амиа наадлаа. Зөвшөөрөлгүй морины уралдаанууд зохиогдох болсон нь энэ төрлийн ослыг нэмэгдүүлэх болжээ.
Албан эх сурвалжийн хэлж байснаар 300 гаруй морь уралдлаа гэхэд 5-6 хүүхэд мориноос унах тохиолдол гардаг байна. Мориноос унасан хүүхэд айж сандрахаас гадна амиа ч алдаж мэднэ. Тэд учир мэдэхгүй насан дээрээ байгаа. Эртнээс л бэлдэж сургаж морь унуулаагүй бол ямар ч хүүхэд эрсдэнэ.
Морины уралдаан зохион байгуулагчид зам талбайгаа цэвэрлэх ёстой. Гэтэл өвлийн улиралд хөлдөж мөстсөн газарт морь уралдуулж улмаар хальтирч унадаг байна. Цаашлаад эцэг эхчүүд хүүхдээ хурдан морины уралдаанд оролцуулах бол аюулгүй байдлыг нь хангадаг баймаар. Уяач нартай урьдчилж тохирч ямар хувцас өмсөх, хэдэн уралдаанд орох зэргийг нь асуудаггүй нь алаг үрээ алдахын эхлэл гэлтэй. Хүүхдээр морь унуулсан нэр зүүгээд эх, эцэгт нь хэдэн төгрөг өгч нүүр тахалдаг гаж тогтолцоог арилгах цаг нь болжээ.
Өнгөрсөн онд л гэхэд таван унаач хүүхэд нас баржээ. Эдгээрээс ихэнх нь зөвшөөрөлгүй зохиогдсон уралдаанд оролцсон гэх. Энэ мэтээр хүүхдийн амь нас үнэгүйдүүлж, хүлэг морио дээдэлсэн уяачдад хариуцлага тооцдог баймаарсан. Хүүхдийн төлөө “за” гэж хэлдэг эрх мэдэлтнүүд хаана байна вэ. Ирээдүй хойч болсон үрс чинь энэ мэтээр нөгөө ертөнц рүү илгээгдсээр байх уу.
http://news.gogo.mn/r/119970
Үндэсний их баяр наадмын өдрүүдээр хурдан морины уралдааны үеэр 31 хүүхэд мориноос унаж бэртжээ. Тэгвэл эдгээр хүүхдүүдээс нэг нь нас барж, таван хүүхэд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Нас барсан хүүхдийн талаар Хүүхэд хамгаалал үйлчилгээний газрын мэргэжилтэн Г.Ойнбаяраас тодруулахад “Төв аймгийн Жаргалант сумын өдөрлөгийн үеэр нэг хүүхэд мориноос унаж эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан. Энэ бол цэвэр зохион байгуулалтгүй байдлаас болж гарсан осол. Одоогоор зохион байгуулагч, уяач зэрэгт хариуцлага тооцохоор Төв аймгийн Хүүхдийн төлөө газрын мэргэжилтнүүд ажиллаж байгаа” гэсэн юм. Түүнчлэн нас барсан хүүхдэд хамгаалалтын малгай, хувцас өмсүүлээгүй уралдуулсан байжээ.
ММСУХ дахин нэг хүүхдээр туг тахив
Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо (ММСУХ) хэмээх сайн дурын төрийн бус нэг байгууллага Монголын хүүхдүүдийн эрлэг болсоор олон жил болж байна. Жил жилийн наадмаар хүүхдийн "зүрхээр туг тахидаг" хоббитой. Энэ жил хурдан морь унадаг 2 хүүхдийг золигт гаргасан. Хэдийг бэртээсэн нь бүү мэд. Ер нь бол бэртэж, гэмтэхийг тоож авч хэлэлцдэг юм уу? Мориноос унаж бэртсэн хүүхдүүд хожим эрүүл мэнддээ ямар хохирол авч үлдэх нь тэдэнд огт сонин биш. Мориноос унаж нас барсан хүүхдүүд ч тэгж ярьвал сонин биш. Уламжлал юм чинь одоо яалтай билээ, амьд явах заяагүй л хүүхдүүд байж дээ гэсэн маягтай тоомжиргүй хандана.
http://bodonchor.blogspot.com/2013/08/blog-post_278.html
Post a Comment