Хот төлөвлөлт, газар олголт, барилгажилтын ажил авлига хүнд суртал,
ашиг сонирхолын зөрчил дунд үнэгүйдэж, эзэнгүйрсэн он жилүүдийн гай
барцад одоо ч үргэлжилсээр. Жирийн иргэд шүүх эрх мэдэл, төр, захиргааны
албан тушаалтнуудын хөлд чирэгдсээр байна. Нийслэлийн 120 мянгатын
14, 15 дугаар байрны урд тал, завсараар нь залгаж хууль бусаар барьсан
13 болон хоёр давхар барилгын тухай олон жил яригдаж буй. Гурван шатны
шүүхийн шийдвэр иргэдийн талд гарсан юм. Гэвч хэрэгжсэнгүй. Тухайн үед
хотын захирагчаар ажиллаж байсан, одоогийн МАН-ын дарга М.Энхболдын
хууль бус захирамжаар баригдаж эхэлсэн энэхүү “гашигт” барилгын араас
уйгагүй хөөцөлдөж, эцэст нь эрүү мэндээрээ хохирч яваа Б.Түвшинбаяртай
уулзаж ярилцлаа.
-Таны олон жил эсэргүүцэж тэмцсэн энэ барилгыг хэний захиалгаар барьсан юм бэ? -Гэрээний бичиг баримтуудыг нь үзэхэд Х.Анхбаяр, Л.Чимгээ гэдэг хүмүүс
Германы талтай тавь, тавин хувийн хөрөнгө оруулалттайгаар “Адоре
пропертиз” компанийг байгуулж, энэхүү хууль бус барилгаа барьж эхэлсэн
юм билээ. Ийм барилга баригдсанаас хойш манай байруудын 10-аад айл өрх
нар үзэхээ больсон. Өдөр ч гэрлээ асааж суудаг болсон. Иймээс бид шүүхэд
хандаж М.Энхболдын гарын үсэг бүхий газар олголтын захирамжийг хүчингүй
болгуулсан юм. Гурван шатны шүүх бидний талд шийдвэрээ гаргасан. Өөрөөр
хэлбэл, хамгийн сүүлд 2009 онд Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын
шатны шүүх хурал болж, өмнөх шүүх хурлуудын шийдвэрийг хэвээр үлдээсэн
юм.
-Нэгэнт газар нь хүчингүй болж, нийтийн эзэмшилд хэвээр үлдсэн
болохоор одоо дээр нь баригдсан 13 болон 2 давхар барилгыг нураах ёстой
юу?
-Уг нь тийм л дээ. Шүүх шийдвэрээ нэг мөр гаргачихсан. Тэр бүү хэл
газар чөлөөлөх тухай шүүгчийн захирамж нь ч бий. Шүүхийн шийдвэр
хэрэгжих эсэхийг өнөөдөр хотын захиргаа хэн нэгнээс асуух шаардлагагүй
юм. Шүүхийн шийдвэрт хот төлөвлөлт, газрын алба зэрэг хотын захиргааны
гол гол албан тушаалтнуудад шууд хандаж заасан байгаа.
-Тэгээд яагаад энэ барилгыг нурааж, газраа чөлөөлөхгүй байгаа юм бэ?
-Хотын захиргаа, ялангуяа Өмчийн харилцааны газрын дарга нар “Адоре
пропертиз” компанид мэдэгдэх хуудсаа гардуулна гээд их удаж байна.
Сүүлдээ тэд шүүхийн шийдвэрээ биелүүлээч гэж шаардсан оршигч суугчдын
төлөөлөл болох намайг байлцуулан “Адоре пропертиз” компанийн одоогийн
захирал хэмээх Э.Ганболор нартай нүүр тулж уулзахаар болсон.
-Та тэдэнтэй уулзсан уу?
-Уулзсан. Газар эзэмших эрх нь хүчингүй болчихсон газар дээр хууль бус
барилга байгаад л байх уу гэдгийг би асууж, шүүхийн шийдвэр хэзээ
хэрэгжих талаар тэдэнтэй ярилцах санаатай очсон юм. Тус компаниас
Э.Ганболор болон хуулийн зөвлөх нь ирсэн. Би урьд нь заналхийлэлд өртөж
байсан болохоор өөрийн аюулгүй байдлыг хангах үүднээс төрсөн дүүгээ
дагуулж уулзалтанд орсон. Өмчийн харилцаа, газрын албаныхан барилгыг нь
хэсэгчилж буулгах тухай ярихад би хүлээж аваагүй. Шүүхийн шийдвэр дээр
үндэслээд хотын захирагч асан Г.Мөнхбаяр 2009 онд энэ газрыг чөлөөл
гэсэн утгатай захирамжаа гаргасан байлаа. Үүндээ тухайн үеийн газрын
албаны дарга, одоогийн нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, хот
төлөвлөлтийн газрын дарга Н.Нацагдорж нарт ийм үүрэг ноогдуулсан байсан
юм. Харамсалтай нь тэд хэрэгжүүлээгүй. Би дахиад л шүүхэд хандсан.
-Захирамж хэрэгжсэнгүй гээд дахиж шүүхэд хандсан юм уу?
-Тэгсэн. Г.Мөнхбаяр даргын захирамж хэрэгжихгүй байсан нь хууль зөрчсөн
явдал шүү дээ. Тиймээс энэхүү эс үйлдэхүй нь мөн хууль бус гэдгийг
үндэслэн Захиргааны хэргийн шүүхэд хандсан юм.
-Шүүх тэгээд яаж шийдэв?
-Захиргааны шийдвэрээ ханга гэсэн шийдвэр гаргасан. Дараа нь газар албадан чөлөөлөх шүүгчийн захирамж 2010 онд гарсан юм.
-Ер нь энэ газартай холбоотой шүүхийн шийдвэр, шүүгчийн болон хотын захирагчийн захирамж нийтдээ хэд гарсан юм бэ?
-Шүүхийн шийдвэрүүдтэйгээ нийлээд нийтдээ эрх зүйн 9 акт гарчээ.
Шүүхийн шийдвэр ийнхүү хэрэгжихгүй явсаар 2011 онд Г.Мөнхбаяр дарга 33
тоот захирамжаа гаргасан. Ерөөсөө энэ барилга бол нэг л байгууламж юм.
Хоёр давхартай хэсгийг нь тэд “С” блок гэдэг. Шүүхийн шийдвэрт болохоор
барилга боссон бүх газрыг чөлөөлнө гэсэн. Гэтэл сүүлд тэрхүү “С” блок
буюу хоёр давхар хэсгийг нь буулгах тухай захирамж гарч байгаа юм. 13
давхар барилга нь зочид буудлын зориулалттай, үүнтэй залгаа хоёр давхар
нь доороо граштай хэсэг л дээ. Шүүхийн шийдвэрийг ингэж хэсэгчилж хувааж
хаях гэж байлаа.
-Одоо хотын захиргаа яах гэж байна. Таньд тодорхой хариу өгсөн үү?
-Би Э.Бат-Үүл даргатай албан ёсоор хоёр ч удаа уулзсан. Захирамж
гаргана гэсэн. Гэвч захирамж гаргах боломж нь бас бүрдэхгүй байгаа ч юм
уу, гол хариуцдаг Өмчийн харилцааны газрынхан нь хугацаа алдсан ажил
хийгээд байна. Тухайн компанид хугацаатай мэдэгдэл өгсөн нөхцөлд
захирамж нь гарах юм болов уу гэж би ойлгоод байгаа. Өнгөрсөн оны 6
дугаар сард уг нь мэдэгдлээ өгсөн гэсэн. Өгөхдөө харин бас дахиад өнөөх
“С” блокыг нь буулгахаар өгсөн гэнэ лээ. 2014 он гараад Өмчийн
харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар нь бас мэдэгдэх хуудас өгөхөөр
болсон ч яг өгсөн эсэхийг би сайн мэдэхгүй байна.
-Таныг “Адоре пропертиз” компанийнхан байнга дарамталдаг уу?
-Дарамт шахалт их ирсэн. Шүүхээр ороод явж байхдаа би хоёр удаа унаж
биедээ гэмтэл авсан. Нуруу нугасны гэмтэлтэй болоод байгаа. Эмч нарт
үзүүлэхэд хагалгаа хийлгэ гэдэг. Мөнгөгүйн улмаас таяг тулаад, гүрийгээд
л явж байна. Гадаадад очиж хагалгаа хийлгэхээс нааш эдгэхгүй гэж байна
лээ. Ойролцоогоор 50 орчим сая төгрөг шаардагдана. Ийм байсаар атал тус
компанийн нөхдүүд намайг элдвээр гүтгэн доромжилж, ална хядна гэдэг
болсон. Э.Бат-Үүл даргад тэд өөрсдийн явцуу эрх ашгийн төлөө тав,
зургаан хуудас бичиг бичиж өгөхдөө намайг маш муухайгаар гүтгэсэн
байсан.
-Ална гэсэн нь үнэн юм уу?
-Энэ тухай албаны хүн надад хэлж “Цаадуул чинь их муухай хүмүүс
бололтой. Болгоомжтой байгаарай” гэж хэлж байсан. Бодвол энэ үнэн байх.
Би цагдаад хандсан.
-Бас юу гэж таныг гүтгэв?
-Намайг сар бүр тэдний компаниас их хэмжээний мөнгө авч байхыг хүссэн
гэх мэт ямар ч үндэслэлгүй олон юм бичиж Э.Бат-Үүлд өгсөн байлаа. Үүнийг
бичсэн Э.Ганболортой нь уулзахад “Манай хүмүүс л тэгж ярьж байхаар нь
бичсэн юм” гэж байна лээ. Тэгэхээр нь “Худлаа бичсэнэээ залруулж бичээд
Э.Бат-Үүл даргад мэдэгдэл маягаар гардуулж өг” гэсэн. Яг энүүндээ
тулахаар тэр бас яаж ч чадахгүй байх шиг байна. Би тэвчээртэй хүлээж л
байгаа. Болохгүй бол шүүхээр явж нэр төрөө сэргээлгэнэ. Би цагуурч
мэргэжлээр МИАТ-д ажиллаж байгаад Удирдлагын академид суралцаж, яг
төгсөх гэж байхдаа ийм асуудалтай тулгарч, эрэмдэг зэрэмдэг болсон.
Ингээд бүтэн найман жил шүүх, хотын захиргаагаар явлаа. Заналхийлэл,
гүтгэлэг дор найман жил явна гэдэг амаргүй л юм байна. Шүүхийн шийдвэр
хэрхэн хэрэгждэгийг харах нь иргэний хувьд зүй ёсны асуудал шүү дээ.
Шүүх яах гэж шийдвэр гаргадаг юм бэ. Хэрэгжихгүй л юм бол шийдвэр
гаргаад яадаг юм. Шударга ёсны тухай ярих гэж байгаа бол манай дарга нар
эндээсээ эхлээд ярих хэрэгтэй байхгүй юу.
No comments:
Post a Comment