Бидний хайрт багш, нэрт сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн, Монгол Улсын Ардын багш, профессор Ерөөлт овогт Лувсанцэрэнгийн Шагдар 2016 онд өвчний улмаас таалал төгсөж, Монгол Улсын математик, шинжлэх ухаан, боловсролын салбарт болон бидний сэтгэл зүрхэнд нөхөж баршгүй орон зай үлдээлээ.
Лувсанцэрэнгийн Шагдар нь 1925 онд Сэлэнгэ аймгийн Орхоншаамар сумын нутаг, Хяраан хэмээх газар төрсөн. 1933 оноос 1941 онд Алтанбулаг хотын 7 жилийн сургууль, 1941-1943 онуудад Нийслэлийн 1-р арван жилийн сургууль, МУИС-ийн бэлтгэл ангийг тус тус төгсч, 1943-1947 онд МУИС-ийн Тоо-физикийн ангид суралцаж, тоо-физикийн багшийн мэргэжил эзэмшин төгсжээ.