Майнбаярын шүлэг, Цэн.Эрдэнэбатын ая, ДБЭТ-ын гоцлол дуучин, Монгол
Улсын гавьяат жүжигчин, миний шавь Ө.Уянга дуулна. Миний багшлах дадлага
хийсэн анхны газар Бүрэнтогтох нутгаа санана
Номын гэгээн Жалханз хутагтын
Дэлгэсэн судар биднийг адисалсан
Ногоон морины эрчимт туурай
Дэнж нугыг тамгалсан
Богд их уулын овооноос
Эцэг өвгөдийнхөө шившлэгийг сонсоно
Бодлын гүнд амгалан дүнсийх
Эрчмийн нуруу онгодыг хөглөнө
Дэлгэр мөрөн ээжийнхээ
урсгалыг ширтээд ариусна
Дэлтэй цэнхрийнхээ хатираанд
уйтгар үгүй гэгэлзэнэ
Хотгойд түмнийхээ домог болсон
Шадар вангаар омогшино
Хорвоогийн хаана ч явсан
Бүрэнтогтох нутгаа санана
Эртний тахилгат онгон хайрханаас
Үүлсийн сэвшээ намуухан эгшиглэсэн
Элбэг баян хөвч тайгад нь
Зүйлийн шувуу уяран жиргэсэн
Сансраас буусан газрын хишиг
Сангийн далай зүрхэнд долгиолно
Хүний ертөнцийн мөнхийн шидийг
Хөх цавын салхи санаанд минь зурна
Дэлгэр мөрөн ээжийнхээ
урсгалыг ширтээд ариусна
Дэлтэй цэнхрийнхээ хатираанд
уйтгар үгүй гэгэлзэнэ
Хотгойд түмнийхээ домог болсон
Шадар вангаар омогшино
Хорвоогийн хаана ч явсан
Бүрэнтогтох нутгаа санана
No comments:
Post a Comment